ЭРИЙН ГУРВАН НААДМЫН ТҮҮХ

Бөхийн барилдаан Монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхийн барилдах ёс журам нь зөвхөн хоёр биеийн хүч чадал, авхаалж самбаа сорих биеийн тамирын тулааны зориулалтаас гадна зан үйл, урлагийн зүйлстэй ихэд хосолсон байдаг. Энэ нь барилдахын өмнөх болон дараах гараа, дэвээ зэрэг ёслолын хөдөлгөөн, барилдах журам, хувцас өмсгөлөөс тодорхой харагдана.
Эдгээр нь олон зуун жилийн турш боловсрон хөгжиж ирсэн бөгөөд цөм гүн гүнзгий учир утга дэг ёстой. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл юм. Монгол ардын тууль "Эрийн сайн хан харангуй"-д "буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг" гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсны гэрч юм. Хожим бөхийн өмсгөл улам гоёмсог, боловсронгуй болж иржээ.
Одоогийн бөхийн өмсөх хувцас нь 1. Малгай 2.Зодог, 3.Шуудаг, 4.Гутал, 5.Оймс, 6.Гутлын боолт юм. Зодог, шуудаг нь барилдахад барьц болдог төдийгүй биед яв цав тохирч байдгаараа барилдахад аятайхан, хөнгөн, бөх хүний булчин шөрмөслөг бие бялдрын гоо сайхныг харуулах зориулалттай, тэрчлэн барилдахдаа дээл хувцсаа урж таслах явдлаас гэтэлгэсэн өмсгөл юм.
Тэгвэл эртний баатрын дуулга хэлбэрт малгай өмсдөг нь монгол бөх үндэсний цэрэг эрсийн хүчин чадал авхаалж самбааг сорин шалгаруулах тулаан тэмцээн болсоор ирснийг харуулж байдаг. Мөн барилдахад суурьтай, хөлөөр мэх хийхэд аюул осол багатай тул бөхчүүд одоо ч үндэсний монгол гутал өмссөөр байна. Оймсыг монгол цагаан эсгийгээр хийж өмсөх нь хөл мэх хийхэд бэртэхгүй зөөлөвчийн ач холбогдолтойгоос гадна гутлын түрийнээс дээш гарсан хэсэг буюу оймсны харааг үндэсний чамин хээ угалзаар чимсэн байх нь бөхийн гоо сайхныг улам нэмдэг. Мөн гутлын боолтыг бас ингэж чимэглэдэг.